МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН БНХАУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛААР АЛБАЖСАН БАРИМТ БИЧГҮҮД

Монгол Улсаас экспортлох барааны нэр төрөл болон уул уурхайн бус гаралтай барааны экспортыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох боломж бүрдлээ.

Энэхүү ажлыг албажуулах чиглэлээр талууд харилцан санал солилцож “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протокол”-ыг эцэслэн тохиролцож, талууд гарын үсэг зурлаа.

Монголын Улсын талаас албажуулан хэрэгжихэд бэлэн болсон дараах ноот бичгүүдийг БНХАУ-ын талд гардуулсан байна.

БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ноот бичгийн хамт.

“Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн Бичигт-Зүүнхатавч хилийн боомт, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” Монголын талын ноот бичгийг тус тус гардуулсан байна. Эдгээр боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг буюу солбицол тогтоох ажлыг хоёр талын Гадаад харилцааны яамны ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сард зохион байгуулж, протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг асуудлыг баталгаажуулах нөхцөл бүрдлээ.

Share on facebook
Share on twitter