БАЙГУУЛЛАГЫНХАА 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “АХМАД-ДУНД ЗАЛУУ ҮЕИЙН УУЛЗАЛТ”-ЫГ ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИЙН ХОРОО АНХ БАЙГУУЛАГДСАН ЭРДЭНЭ ОВООНЫ ЗҮҮН УРД ЭНГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тэртээ 100 жилийн өмнө Замын-Үүдийн гаалийн хороо анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь түүхийн хөдлөшгүй эд мөрийн баримтаар нотлогдох тул 2012 онд туурийнх нь дэргэд Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олон “Дурсгалын ханан хөшөө” бүтээн босгосон юм.
Хөшөөг сэргээн засварлах, тордох ажлыг Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олон тасралтгүй хийж ирсэн бөгөөд 100 жилийн ойгоо тохиолдуулан хөшөөний бичвэрийг сэргээх, хашаажуулах, орчин тойрныг цэвэрлэж өнгө үзэмжийг нь заслаа.

Замын-Үүд дэх гаалийн газраас гаалийн байгууллагын түүх, соёлыг залуу хойч үедээ таниулан уламжлуулах, төрийн албан хаагчийн ёс суртахууныг төлөвшүүлэх зорилгоор “Ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан “Ахмад-Дунд-Залуу үеийн гаальчдын уулзалт”-ыг 9 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Эрдэнэ овоо дахь Замын-Үүдийн гаалийн хорооны тууринд зохион байгууллаа.

Уулзалтын үеэр ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 30 гаальчин Дурсгалын ханан хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн бөгөөд Замын-Үүдийн гаалийн хороо анх байгуулагдсан туурь, түүхэн дурсгалт газар оронтой танилцах аялал хийж, Хилийн цэргийн 0129-р ангийн “Дайчдын алдрын танхим” музейг үзэж түүхийн мэдлэгээ дээшлүүллээ.

Share on facebook
Share on twitter