ГААЛИЙН АРИУН ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУНХАГЛАЛ

Дэлгэрэнгүй

ГААЛИЙН АРИУН ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУНХАГЛАЛ

(1993 оны 7 дугаар сарын 7 –нд батлагдсан Арушагийн тунхаглал)

Дэлхийн Гаалийн байгууллага (ДГБ) – аас

Гааль бол эдийн засгийг үр ашигтай хөгжүүлэх нэг гол хэрэгсэл болохын зэрэгцээ хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, контрабандын үйлдэлтэй тэмцэхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ТЭМДЭГЛЭН:

   Авилгал нь аливаа нийгмийн эрчимтэй хөгжлийг эвдэж, гаалийн байгууллагын үүргээ гүйцэтгэх чадварыг нь сулруулж болзошгүй бөгөөд авилгал автагдсан гаалийн байгууллага:

  • Улсын төсөвт орох ёстой орлогыг оруулж чаддаггүй,
  • Хууль бус худалдааны эсрэг үр дүнтэй тэмцэл явуулж чаддаггүй,
  • Олон улсын хууль ёсны худалдааны өсөлтийг сааруулж, эдийн засгийн хөгжилд саад болдог.

Гаалийн ажилтан нь байнга хууль зөрчих аваас гаалийн байгууллага өргөн олон түмэнд нэр хүндгүй болж, тэдний итгэл найдварыг хүлээх эрхгүй болдог болохыг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ,

Авилгалтай тэмцэх асуудлыг зөвхөн нийгмийн өргөн хүрээтэй бодлогын хэмжээнд тавьж ажиллавал үр дүнтэй болохыг анхаарч ТУНХАГЛАХ НЬ:

Бүх засгийн газрын тэргүүн зэргийн асуудал бол гаалиа авилглас ангид байлгах нөхцлийг хандах явдал мөн. Энэ нь төрийн үйлчилгээний бүх салбарт, түүний дотор гаалийн үйлчилгээнд ариун шударга ёсны хэм хэмжээг тогтоон сахиулах талаар хатуу амлалт авч ажиллахыг улс төр, засаг захиргааны хамгийн дээд түвшингээс шаардаж байна.

Үндэсний гаалийн ариун шударга ёсны мөрийн хөтөлбөр нь дараах голлох хүчин зүйлсийг харгалзан үзэх ёстой:

1. Гаалийн хууль тогтоомж товч тодорхой байх, импортын барааны тарифыг аль болох тааламжтай болгож, хувь хэмжээг цөөрүүлэх, худалдааг зохицуулсан захиргааны дүрэм журмыг аль болохоор багасгах, харин хэм хэмжээ тогтоосон цөөн тооны дүрэм, журам үүнд хамаарахгүй.

2. Гаалийн горим нь энгийн, харилцан уялдаатай, амьдралд нийцсэн байх. Гаалийн гаргасан шийдвэрийг давж заалдах, эцсийн шатанд хөндлөнгийн бие даасан байгууллагаар шийдүүлэх боломжтой байх, эдгээр нь Киотогийн конвенцид үндэслэгдсэн байвал зохих бөгөөд дур зоргоороо асуудал шийдэх явдлыг аль болохоор бага байлгах,

3. Гаалийн автоматжуулалт (ялангуяа EDI) нь авилгал эсрэг тэмцэх хүчирхэг хэрэгсэл болдог учир түүнийг эн тэргүүнд нэвтрүүлэх,

4. Аливаа буруу практик тогтох боломжийг хаах үүднээс гаалийн байцаагчдын ажил үүргийг тодорхой зааглаж өгөх, бие биенийх нь ажлыг сольж хийлгэх, шалгалт хийх байцаагч нарыг тухайн үед нь хуваарилах, зарим нөхцөлд тэднийг өөр газарт салган хуваарилж ажиллуулах явдлыг гаалийн газрын дарга нар хийх,

5. Орон нутгийн гаалийн байгууллагын дарга нар өөрсдийн ажлын арга барилын дутагдал болон ажилтнуудынхаа ариун шударгаар ажиллаж байгаа эсэхийг судалж, тийм алдаа дутагдлыг залруулах талаар арга хэмжээ авах онцгой үүрэг хариуцлага хүлээх,

6. Дотоод гадаад хяналт (аудит) нэн чухал байдаг бөгөөд ялангуяа дотоод хяналтыг үр дүнтэй явуулбал тэр нь гаалийн горимууд зохих журмын дагуу хэрэглэгдэж, зөв зүйтэй мөрдөх явдлыг хангах ашигтай хэрэгсэл болно. Дотоод хяналтын арга хэмжээг бүрэн хэмжээгээр явуулахын тулд буруу практик тогтсон гэх сэжигтэй бүх тохиолдлыг хянаж шалгах тусгай үүрэг бүхий дотоод хяналтын алба байгуулан хэрэгжүүлбэл зохино.

7. Үнэнчээр ажиллах, албан ажлаараа бахархах сэтгэгдлийг гаальчдад төрүүлэх, авилгалд автах боломжийг багасгах үүднээс хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг тэдний дунд бий болгох талаар удирдлагаас анхаарч ажиллах,

8. Гаалийн байцаагчдыг шинээр ажилд авах, албан тушаалд дэвшүүлэх үйл явц нь бодит үндэслэлтэй, хөндлөнгийн оролцоо нөлөөгүй байх. Хувь хүний ёс суртахууны хувьд өндөр үнэлэмжтэй, цаашдаа ч тийм байх хүмүүсийг тодруулах арга механизмыг уг үйл явцын салшгүй хэсэг болгох,

9. Гаалийн байцаагч бүрт Ёс зүйн дүрмийг танилцуулж, түүнийг зөрчсөнөөс үүдэн гарах уршгийн талаар сайтар тайлбарлан таниулбал зохино. Ажлаас халах хүртэл сахилгын үр нөлөө бүхий арга хэмжээ авах талаар дүрмэнд оруулах,

10. Гаальчдад ёс суртахуун, ариун шударга ёсыг баримтлах асуудлыг багтаасан мэргэжлийн сургалтыг ажиллах бүхий л хугацаанд нь тасралтгүй явуулах,

11. Гаалийн байцаагчид олгох урамшил нь тэдний амьдрал ахуй шударгаар дэгжин дээшлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хангалттай байвал зохих бөгөөд зарим тохиолдолд эрүүл мэндийг анхаарах, сувиллын газраар үйлчлүүлэх, орон байраар хангах зэрэг нийгмийн хангамжийн, эсхүл урамшилт цалин (шагналт цалин, нэмэгдэл цалин гэх мэт) хэлбэртэй байж болно.

12. Гаалийн байгууллага гаалийн зуучлагч болон бизнесийн холбогдох салбарынхантай нээлттэй, ил тод харилцааг хөгжүүлбэл зохино. Ийм зорилгоор холбоо барих хороог томилон ажиллуулах нь зүйтэй.

Share on facebook
Share on twitter